Skip to main content
XVII зууны эхэн үед Төв Азийн хойд
хэсэгт оршин нутаглаж байсан Монголчууд дотооддоо улс төрийн бутралтай, эдийн
засгийн чадавхи сул байдалтай Өмнөд Монгол, Халх Монгол, баруун Монгол буюу
Ойрад гэсэн гурван хэсэгт хуваагдсан байв. Тэр үеийн гадаад улс төрийн нөхцөл
байдал Хаант Орос улс болон Умард Алтан улсаас ихээхэн хамааралтай байв.
Ялангуяа Манж нар зэргэлдээх улс орнуудыг эрхшээсээр 1636 оны эхэн гэхэд
Өвөрмонголын 16 аймаг Манжид дагаар орсон байдаг.
Үүний дараа Манж нар Монголчуудын хүчийг салгаж байж, бүгдийг эзэлнэ гэж
төлөвлөж байлаа. Тэрхүү их аюулыг сөрөн зогсож, тусгаар тогтнолоо хамгаалах
цорын ганц зөв арга бол Халх, Ойрад хүчээ нэгтгэн Манжийн эсрэг тэмцэх явдал
байвЭнэхүү хүчээ нэгтгэн тэмцэх санаачлагыг
Халхын Засагт хан Субадай гаргаж, Ойрадын Баатар хунтайж, Очирт цэцэн тайж
нартай зөвлөлдөн Халх-Ойрадын ноёд, хутагт нарын чуулганыг 1640 оны 9 сарын
эхээр Или Тарвагатайн Улаан бураад хийхээр тогтсон байна. Уг чуулганд Эрдэнэ засагт хан, Түшээт хан, Убаши далай ноён, Далай
хун, Хун ноён, Цэцэн ноён, Дайчин хунтайж, Илдэн ноён, Мэргэн ноён, Эрдэнэ
хунтайж, Дайбун хунтайж, Тэнгэрэй тойн, Аюуш хатан баатар, Эрдэнэ баатар
хунтайж, Хөндлөн Убаши, Гүүш номын хан, Өрлөг, Шүхэр дайчин, Илдэн, Дайчин
хошууч, Очирт тайж, Мэргэн дайчин, Цөүхэр, Цэцэн тайж, Мэдээч тайш, Бөө Илдэн,
Мэргэн ноён, Дамиран гэх мэт Халх-Ойрадын 28 ноёд, Далай ламын сайд Манзушир, Инчин Ринбучи, Цагаан номун
хан Майдар хутагт Зая бандида Намхайжамц 4 хутагт нар тус тус оролцсон байдаг. Чуулганы
зорилго нь Халх, Ойрадын улс төрийн
бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлж, харийн дайсны эсрэг тэмцэхэд
Монгол угсаатны хамтын чармайлтыг зохион байгуулахад чиглэж байв.
Энэхүү зорилгын хүрээнд чуулганаас 1640
оны Халх-Ойрадын Их цаазыг батлан гаргасан /127 зүйлтэй/ ба уг цаазын агуулга үзэл санаань
төрийн бодлого үйл ажиллагааны тухай, эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран
зарцуулах тухай, гэр бүлийн харилцааны тухай, байгаль орчноо хайрлан хамгаалах
тухай, хүний эрх, эрх чөлөөг гэмт явдлаас хамгаалах тухай, шүүн таслах үйл
ажиллагааны тухай, төрөөс нийгмийн гишүүд, ард иргэдээ халамжлах тухай, өртөө,
улаа, элчийн тухай, шарын шашныг хуульчлан баталгаажуулсан тухай гэх мэтээр
тодорхойлогдоно. Их цааз нь XIV-р зуунаас хойш гурван зуун жил
үргэлжилсэн Халх, Ойрадын хоорондын зөрчил хямралыг түр ч байтугай нэгтгэн
зохицуулж хуульчилсан явдал хамгаас чухал болсон байна.
Ингэснээр Их цаазын үзэл санааг
хэрэгжүүлэх далайцтай ажил Халх, Ойрад даяар явагдаж, эв нэгдлээ улам бүр бэхжүүлж
байжээ.Түүнд Халхаас Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой
нар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв.
Comments
Post a Comment